10/06/2026
“Бидний нэг” Бид энэ удаагийн дугаартаа М-Си-Эс Проперти ХХК-ийн Барилга Угсралтын Албаны менежер О.Батзоригийг онцолж байна.
◾ Уламжлал ёсоороо таны ажил мэргэжил, ажлын гараа тань хэрхэн эхэлж байсан тухай ярилцлагаа эхлэе ээ.
Хүүхэд байхдаа дүрслэх урлаг, шугам зураг, технологийн хичээлд илүү сонирхолтой зурах, модоор жижиг зүйлс хийдэг хүүхэд байсан. Тухайн үедээ барилгачин болноо л гэж боддог, хэлдэг, тэр мэргэжлийн талаар нарийн мэдэхгүй ч, байшин, барилга барьдаг хүн болноо гэсэн тэр хүсэл мөрөөдлөөрөө ЕБС-аа төгсөөд ганцхан сонголтоор конкурсыг ШУТИС-д Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр өгч тэнцэн, дуртай мэргэжил минь учир хэрэндээ л хичээж, сайн суралцаж төгссөн.
Мэргэжил сонголт болон суралцаад төсгөх үе маань их азтай, завшаантай үе надад таарсан гэж хардаг. Тухайн үед яг Барилгын инженер гэдэг мэргэжил эрэлттэй болоод, эдийн засаг сэргээд ирэх үед төгсөж таарсан байдаг. Их сургуулийн тухай ярихад ангийнхныгаа дурсахгүй байхын аргагүй, бид ангиараа маш их хичээж суралцдаг хүүхдүүд байсан, хамтдаа хичээлээ давтана, дипломын ажлуудаа хамт хийнэ гэх мэтээр үргэлж хамт байсан ангийнхантайгаа одоо ч хамт ажилласаар байгаадаа маш их баярладаг.
◾ Хэзээнээс М-Си-Эс Проперти ХХК-д ажиллах болсон бэ?
2011 оны 1-р сард дипломоо хамгаалаад, 2-р сард М-Си-Эс Проперти ХХК-д ажилд орсон. Тухайн үед Хишгээ багш маань төгсөгчидийнхээ мэдээллийг компанид өгсөн байсан, над руу утасдаад ярилцлагад орох боллоо гэж хэлсэн, би ч баярлаад очиж үе шатны ярилцлагуудад орж тэнцэн ажилд орсон доо.
◾Таны ажилласан төслүүд, тэдгээрийн онцлог, төвөгшил?
Тухайн үед компанийн оффисоос ажил хэрэгч залуус тараад гарч байхыг олон удаа хардаг байсан хүн чинь ажилд орсондоо их баярланаа, гэхдээ барилгын инженер хүн учраас барилга барих, барилгын талбайд ажиллах тухайгаа л боддог байлаа. Хоёрдугаар шатны ярилцлагад орох үед өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хэрэгжих төсөл болох “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн суурийн төсөлд ажиллах талаар санал асууж байсан учраас орон нутгийн бүтээн байгуулалтанд ажиллахдаа дуртай байлаа. Тэр төсөл маань Австралийн “Sedgman” Ltd -ийн инженер техникийн ажилтнуудтай ажиллах болсондоо талархдаг.
Тухайн үед англи хэлний бага ч гэсэн мэдлэг маань энэ төсөлд ажиллахад дөхөм болсон болов уу гэж хардаг. Оюутан байхдаа кино орчуулдаг байсан маань энэ төсөлд гадны мэргэжилтнүүдтэй ажиллахад их тус дөхөм болсон. Анхны төсөлдөө ажилласнаар маш их зүйл сурсан, мэргэжлээ мэдэрсэн, хамт олны хүч хөдөлмөр, хамтын хүч гэж юу болохыг маш сайн ойлгож мэдэрсэн.
Дараагийн төсөл мөн Цогтцэций суманд хэрэгжсэн “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборын төсөл байсан. Хоёр төсөлдөө нийт 2 жил гаран ажилласан байдаг. Барилга угсралтын төслийн талаар маш их ойлголтыг олж авч, миний дуртай, сонгосон мэргэжил учраас бүх зүйл нь шинэ, шинэлэг, сурч хөгжих боломжоор дүүрэн байсан. Туршлагатай инженер техникийн ажилтнуудаасаа их зүйл сурсан, үнэхээр шижигнэсэн залуус л ажиллаж байсан.
2013 оны 4-р сараас “М-Си-Эс Тауэр” төслийн багт томилогдсон, энэ төсөл нь Самсунг С&T компанитай хамтран гүйцэтгэхээр эхэлсэн байсан.
Дараагийн ажилласан төсөл маань “Асем Виллаж
“ төсөл, 1жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн энэ төсөлд барилга угсралтын менежерээр ажиллахдаа угсралт, менежмент, багийн зохион байгуулалт, богино хугацаанд гүйцэтгэх шаардлагын үндсэн дээр ажиллаж дуусгасан. Энэ төслийн хамгийн онцлог зүйл нь газрын гүний дулааны систем байсан. Өглөө бүр ахлах инженерүүд өглөөний цугларалтыг хариуцан гүйцэтгэж, тухайн өдрийн ажлын төлөвлөгөө, хүн хүчний зохион байгуулалт, ХАБЭА-ийн хувьд анхаарах ажлуудыг танилцуулдаг байсан.
2016 оны 3-р сараас “Асем Виллаж” төслөөс Оюу толгой төслийн тендерийн багт ажиллаж эхлээд тэр оныхоо 7-р сараас “Оюу Толгойн гүний уурхай” төсөлд ажиллаж эхэлсэн. Энэ төсөлд төслийн хяналтын менежер буюу төслийн төлөвлөлт, гүйцэтгэлийг программаар гарган, хүн цагаар тооцох тэр аргачлалыг сурч, төсөл хэрэгжиж явцад ашиглаж эхэлсэн, энэ үед бидэнд төлөвлөлтийн програм болох Primavera P6 -г анхнаас нь прагтикд тухайн үеийн экcпат нараасаа сурч, ажилдаа ашиглаж эхэлсэн байдаг.
Оюу толгой гүний уурхайн төсөлд 2019 оны 12 сар хүртэл ажиллаад тендер болон шинэ төслийн төлөвлөлт дээр ажиллахаар төслөөсөө бууж оффист ажиллаж эхэлсэн.
Ингээд 2020 онд Төслийн менежерээр томилогдож, анхны хариуцан ажилласан төсөл бол “Топ Моторс” ХХК-ийн “Грандхаан автоматив” буюу Тоёото Шөүрүүм-ийн төсөл. Анхны хариуцан ажилласан төсөл маань бас хөөрхөн адал явдалтай, яг ковидын үеэр хэрэгжүүлж дуусгасан, бид 2020 оны 9-р сарын эхээр метал хийцээ хүлээж аваад тухайн намартаа буюу барилга угсралтын улиралдаа багтаж дулаанаа авах гэсэн төлөвлөгөөтэй байсан. Төслийн баг маань үнэхээр маш их хүчин чармайлт гаргаж ажиллаад бид метал хийцээ угсарч, барилгаа битүүмжлээд, халаалтын системээ угсраад 10-р сарын 29-нд барилгын үндсэн халаалтаа авч байсан маань энэ төслийн хамгийн highlight үе нь байдаг.
Энэ хугацаанд төслийн төлөвлөгөөт хүн цаг, болон гүйцэтгэлийн 50%-ийг яг энэ хугацаанд зарцуулсан байдаг. Халаалтаа авчихаад 7 хоног болооогүй байтал хөл хорио тогтоож, ажил маань зогсож байсан, гэхдээ л бид хэд хэдэн удаагийн буюу нийт 135 хоногийн хөл хорионы ард гараад дараа оны 2021 оны 6-р сард төслөө бүрэн дуусган, 8-р сард улсын комисс ажиллуулан захиалагчдаа төслөө амжилттай хүлээлгэн өгсөн байдаг. Захиалагч маань ч их талархалтай хүлээн авсан. Мэдээж барилга угсралтын төслийн хувьд хугацааны хэмнэлт гэдэг бол зардлын хувьд маш их хэмнэлтийг бий болгож байдаг.
Энэ төслийнхөө дараа одоогийн төсөл болох “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн төслийн тендерийн үе шатны ажлууд эхэлж байсан ба, компаниас томилогдсон тендерийн багт орж ажиллаж эхэлсэн.
“Мянганы Сорилтын Корпорац”-ийн компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байсан төслүүдийн нэг болох энэ төслийн гүйцэтгэгч болж, улс эх орны хувьд чухал ач холбогдолтой төслийн нэг хэсэг болох, тэр тусмаа төслийн тендерт шалгарах боломжийн төлөө тендерт оролцох баг, багийн ахлагч маань маш их хичээнгүйлэн ажиллаж, үүний үр дүнд бид төслийн үндсэн гүйцэтгэгчээр шалгарсан явдал нь М-Си-Эс Группийн хувьд гэхээсээ илүү Монгол улсын хувьд том боломж, шинэ туршлага болсон чухал ажил байсан.
АНУ-ын Мянганы Сорилтын корпорацийн санхүүжилтээр олон улс оронд маш олон тухайн бүс нутагт нийгэм, байгаль, дэд бүтцийн чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдиийг хэрэгжүүлдэг ба Монгол Улсын Засгийн Газар, АНУ-н Монголын Мянганы Сорилтын Корпорацийн хамтран хэрэгжүүлсэн энэхүү компакт төслийн хүрээнд “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрий төсөл” -ийн үндсэн гүйцэтгэгчээр тухайн улсын үндэсний гүйцэтгэгч компани шалгарсан тохиолдол нь анхны буюу энэ төсөл болсон байдгийг онцолмоор байна.
Энэ төсөл маань Design-Build төсөл учраас бид зураг төслөө боловсруулан, батлуулж, барилга угсралтын ажлаа гүйцэтгэн түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр төслийн гэрээг байгуулж ажиллаж эхэлсэн.
Монгол улсад анхны том хэмжээний хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байсан учраас бид энэ чиглэлээр туршлагатай дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх компаниуд болох EGIS Water & Maritimes, Veolia Water Technologies компаниудтай технологийн зураг төсөл хамтран боловсруулахаар ажиллаж эхэлсэн ба, 2022 оны 8-р сарын 25-нд шав тавих ёслол болж, үндсэн барилгын газар шорооны ажил 2023 оны 7-р сараас эхэлсэн байдаг.
◾ Энэхүү төслийн онцлогоос дурдвал?
Хоногт 50,000м3 ус дахин боловсруулах хүчин чадалтай, нийтдээ 17 барилга байгууламжаас бүрдэх төслийн маань онцлог нь барилгуудын ихэнх нь газрын түвшнөөс доош зарим нэг барилга 12м хүртэл гүнд баригдсан байдаг, энэ нь их хэмжээний газар шорооны ажлаас гадна хөрсний ус зайлуулах, тогтоон барих гэдэг том сорилттой тулгарч байсан. Энэ ажлуудаас гадна зөвшөөрлүүд, байгаль орчны шаардлага, хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг нотлох, дүгнэлт гаргуулах, үнэлгээ хийлгэх гэх мэт ажлууд маш их хүчин чармайлт шаардаж байсан.
Олон улсын төсөл хөтөлбөрийн давуу тал нь хууль дүрмийг ягштал баримталдаг, түүнийгээ нотлох баримт үйлдэх, тэр бүрдээ төлөвлөгөө боловсруулан ажиллах нь маш зөв зүйтэй, суралцах нэг зүйл байсан. Байгаль орчин, нийгэм жендерийн шаардлагууд маш өндөр тавигдаж байсан нь олон тооны зөвшөөрөл, нийцлүүдийг гарган хэрэгжүүлэх шаардлагууд үүсэж байсан энэ бүхэн бидний хувьд ч, манай барилгын салбартаа шинэ зүйл байсан.
Байгаль орчин болон нийгэм жендерийн шаардлагуудыш амжилттай хэрэгжүүлсэн төслийн багийнхандаа тэр дундаа Байгаль орчны ахлах мэргэжилтэн М.Хулан, нийгэм жендер хариуцсан багийн ахлах А.Булган нартаа онцгойлон талархаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.
◾ Төслийн зураг төслийг гүйцэтгэлийн талаар ярилцвал ?
Төслийн зураг төслийг дээр дурьдсан 2 туслан гүйцэтгэгч болон манай компаний өөрийн зураг төслийн баг хамтран гүйцэтгэсэн. Манай өөрийн баг Монгол улс, EGIS Water & Maritimes компаний баг Франц улс, Veolia Water Technologies компаний баг Малайз улсаас тус тус төслийн зураг төсөл боловсруулахад ажилласан ба дэлхийн 3 өөр байрлалаас бид Autodesk Construction Cloud буюу үүлэн технологид суурилсан платформ ашиглан BIM загварчлалаар зураг төслөө боловсруулсан.
Төслийн талбайд нийт 21орны иргэд их бага хэмжээгээр оролцоотой ажилласан байна гэсэн тооцоо байдаг. Үүгээрээ ч тэр үнэхээр л олон улсын төсөл байгаад байна. /инээв/
◾ Таны ажлыг арга барил, зарчим?
Бүх оролцогч талуудын оролцоог тэгш байлгах, аливаа зүйлсийн балансыг барих, хэт туйлшрахгүй байх,
Өөрийн чадах зүйлээ, өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэхийг хичээдэг, боломж байвал өөрсдөө багаараа шийдчих юмсан гэж бодож санаж үйлдэл хийдэг. Заримдаа энэ байдал маань аливаа шийдвэр удах, заримдаа жаахан газар авах үеүүд байдаг нь буруу ойлголт өгсөн тохиолдол байхыг үгүйсгэхгүй.
Үнэт зүйлээ алдахгүй, улам өнгөлөх, сайжруулах, намайг гэж сонгосон, надад гэж итгэсэн итгэлийг нь алдахгүй байхад илүү анхаарч ажилладаг.
Мөн шударга зарчим бол хамгийн чухал нь гэж үздэг. Баг хамт олонтойгоо харилцахдаа зорилго чиглэлийг нь ойлгуулах, хамтран ярилцах, өөрсдөөр нь асуудлыг олуулах, ойлгуулах гэж хичээдэг, аливаа зүйлийн тунг тааруулах нь илүү чухал гэж үздэг.
◾ Үлгэр дууриалал авдаг хүн бий юу?
Мэдээж өссөн орчин, гэр бүлээсээ үлгэр дууриалал авах нь ойлгомжтой. Энийг би тухайлсан цаг хугацаа, тухайлсан мөчид олж авдаг зүйл гэж боддог. Магадгүй нэг төсөл, нэг багийн ажлын явцад хэн нэгэн хүн маш гайхалтай үлгэр үзүүлсэн байвал тэр хүнээс, тэр үйл явцаас үлгэр дууриалал авах боломжтой. Маш олон гайхалтай шийдвэрүүд, шийдлүүдээс үлгэр жишээ авч байсан.
◾ Залуучууддаа хандаж хэлэх таны үг?
Инженер хүний хувьд техникийн мэдлэгээ маш сайн байлгах, үргэлж суралцаж, үргэлж дээшлүүлж байх нь чухал гэж хэлмээр байна. Жнь: Энэ төслийн үед анзаарсан нэг зүйлийг дурдмаар санагдлаа. Франц инженер ажлын цагийг маш үр бүтээлтэй өнгөрүүлдэг, ажлын цагаар зөвхөн ажлаа хийж, ажлынхаа ард гардаг, харин амралт, ажлын цаг дууссан үед яг л амардаг. Ажил амралт, амьдралын тэнцвэр, балансыг маш сайн барьдаг, сахилга баттай байдаг нь таалагдсан.
Инженер хүн өөрийн мэргэжлийг тултал нь эзэмших хэрэгтэй гэж хардаг. Нэмээд өөрийн хорших мэргэжлүүдийг гадарладаг байх нь өөрөө ирээдүйд давуу тал болохоор байна гэж харж байна.
◾ Хамт олондоо хандаж хэлэх таны үг?
Хамт олныхоо нэг хэсэг болоод 15 жил болж байна. Өдий хүртэл намайг энэ хүн болоход тусалж дэмжсэн, хамтран ажилласан, зааж зөвлөж байсан бүх хүмүүстээ талархаж явдагаа хэлмээр байна. Мөн компанийн бизнесийн онцлогоор ихэнх хүмүүстэйгээ хамтран ажиллаж үзсэн байдаг. Үүндээ ч маш их талархдаг. Энэ хамт олны бүтээл бүгдийн нүдэнд харагдаж, ашиглагдаж байгаад талархдаг.
◾ Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.