11/06/2026
Зүлэг сонгохдоо найрлагыг нь уншиж байхыг зөвлөсөн нь зөв санаа байна. Гэхдээ зүлэг олон жил чанартай хадгалагдах эсэх нь зөвхөн Kentucky Bluegrass эсвэл Ryegrass-ийн хувь хэмжээнээс хамаардаггүй. Үрийн чанар, сортын сонголт, хөрсний бэлтгэл, усалгаа, арчилгаа, өвөлжилтийн бэлтгэл зэрэг олон хүчин зүйл хамтдаа нөлөөлдөг.
Хашаандаа зүлэг тариад эхний жилдээ нүд баясгаж ногоорсноо, дараа жил нь хэдэн шар өвс, шороотойгоо хоцорч бухимдаж байгаа хүмүүс маш их байна аа. "Энэ үр зардаг нөхдүүд олон настынх гэж худлаа хэлээд, нэг настын үр шахаж мөнгөөр хохироогоод байна уу даа" гэх хардлага ч зөндөө дуулддаг. Хамаг цаг зав, хөдөлмөрөө зарцуулаад тарьсан зүлэг нь ургахгүй болохоор хэнд ч тэгж бодогдох нь аргагүй юм.
Тэгвэл олон наст, нэг настын үрийг яг гаднаас нь хараад яаж таних вэ? Гарт бариад шинжих ямар арга байна вэ гэж их асуудаг. Шулуухан хэлэхэд, жирийн хүн үрийг нь нүдээр хараад, гарт бариад ялгах ямар ч боломжгүй.
Үрнүүд нь яг л адилхан жижигхэн, гонзгой шаргал хальс шиг харагддаг. Мэргэжлийн лабораторид, микроскопоор харж л танихгүй бол шүү дээ. Тийм болохоор "Үрийг нь гарын алган дээрээ харж шинжээд сайн мууг нь мэднэ" гэдэг бол цагийн гарз, бүтэлгүй оролдлого юм шүү.
Тэгвэл яагаад хоёр дахь жилдээ ургадаггүй юм бэ? Олон наст биш хулхи үр байсан хэрэг үү?
Үүнд үндсэн хоёр л шалтгаан бий.
Нэгт, таны хардсанчлан үнэхээр хурдан ургадаг, хямдхан нэг наст зүлэгний үр хольсон байж болно. Хоёрт, хамгийн түгээмэл гардаг алдаа нь—олон наст мөн байсан ч Монголын хатуу өвлийг давахааргүй, дулаан бүсийн үр байснаас болоод өвөл хөлдөөд үхчихдэг.
Гадуур зарагддаг "Спорт зүлэг", "14 хоногт хурдан ургадаг" гэсэн гоё зурагтай хайрцагтай үрнүүдийн ихэнх нь манай өвлийг давдаггүй амьдрах чадвар муутай сортууд байдаг. Эхний жилдээ уралцаж ургаад, өвөл нь тэр чигтээ хөлдөж үхдэг гэсэн үг.
Яаж хулхидуулахгүй, зөв үрээ сонгох вэ?
Үрийг нь харж таньж чадахгүй юм чинь одоо яах вэ гэж үү?
Маш энгийн. Үрийг нь биш, ХАЙРЦАГ ДЭЭРХ НАЙРЛАГЫГ нь унших хэрэгтэй. Зүлэгний үр дандаа холимог (mix) байдаг бөгөөд англи эсвэл орос хэл дээр ямар үр хэдэн хувь орсонг нь бичсэн байдаг.
Монголын тэсгим хүйтэн өвлийг давж, олон жил ургаж чаддаг 2-3 хан төрлийн л үндсэн зүлэг бий. Үр авахдаа хайрцагны ар талаас доорх нэрсийг л хайж олоорой:
Kentucky Bluegrass (Оросоор Мятлик луговой, Монголоор Нугын биелэг өвс) - Энэ бол манай хүйтэнд хамгийн тэсвэртэй, олон жил ургадаг жинхэнэ хаан нь. Найрлагад нь энэ үр дор хаяж 40-50%-иас дээш байвал тэр чанартай олон наст гэсэн үг.
Red Fescue (Оросоор Овсяница красная, Монголоор Улаан туулай сүүл) - Мөн л хүйтэнд болон гандуу нөхцөлд маш тэсвэртэй сайн үр. Энэ хоёр холилдсон байвал төгс.
Харин Ryegrass (Оросоор Райграс) гэсэн бичигтэй үр маш хурдан, хөвсийсөн гоё ургадаг ч манай өвлийг давахдаа маш муу. Ихэнх нь эхний өвлөө даахгүй үхдэг.
Тиймээс найрлагад нь Райграс 10-20%-иас ихгүй байвал сайн шүү.
За тэгэхээр, дараагийн удаа үр авахдаа хүний үгэнд итгэж алган дээрээ тавьж шинжих биш, хайрцагны ард талын найрлагыг нь л сайн уншаарай.
Хамгийн чухал нь "Мятлик" буюу "Kentucky bluegrass" гэсэн бичиг байгаа эсэхийг л шалгачих.Бас нэг зүйлийг мартаж болохгүй. Намар хүйтрэхээс өмнө зүлгээ маш сайн усалж "цэнэг усалгаа" хийхгүй бол, мянган сайн олон наст байгаад ч хавар нь үндсээрээ хатаж үхдэг талтайг санаарай.
Хашаандаа сайхан ногоон зүлэг тарих гэж зүтгэж яваа таны ажилд амжилт хүсье! Удахгүй хашаа тань битүү ногоорох байх аа.