10/04/2026
Хятад нарны хавтангийн экспортын НӨАТ-ын буцаан олголтыг цуцалж, 2027 оноос батарейн хөнгөлөлтийг зогсооно
-------------------------------
БНХАУ 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нарны хавтан зэрэг фотоэлектрик бүтээгдэхүүний экспортын нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын есөн хувийн буцаан олголтыг цуцалсан байна. Мөн батарейнд хэрэгждэг НӨАТ-ын буцаан олголтыг 9 байсныг 6 хувь болгон бууруулж, 2027 оноос бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ.
Энэхүү өөрчлөлтийн үр дүнд химийн бүтээгдэхүүн, керамик, нарны эрчим хүчний төхөөрөмж, батарей, хуванцар, цахиурын ялтас зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Тухайлбал, энэхүү бодлого хэрэгжсэнээр Тайландад нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийн импорт 9-15 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
НӨАТ-ын буцаан олголтыг зогсоосноор үйлдвэрлэгчид татварын зардлыг эргүүлэн авч, үйл ажиллагаандаа дахин хөрөнгө оруулах, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болгох боломж хумигдаж байна. Өөрөөр хэлбэл экспортлогчид чиглэсэн чухал санхүүгийн дэмжлэг багасаж байна.
Хятадын энэхүү татварын бодлого нь эрчим хүчний салбарын илүүдэл хүчин чадлыг бууруулах, худалдааны зөрчлийг намжаах, дотоодын зах зээлийг тогтворжуулах зорилготой юм.
Гэвч гадаад зах зээл буюу олон улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, зарим төслийн эдийн засгийн үр ашгийг дахин тооцоход хүргэж болзошгүй байна.
Эх сурвалж: Trendingtopics, Nationalthailand